(976) 7500-7696

WiFi-6 технологи

Утасгүй сүлжээний Wifi 6 технологи

Интернэт сүлжээг олон төхөөрөмжид утасгүйгээр хуваан ашиглах боломжийг бүрдүүлж өгдөг Wi-Fi нь анх 1997 онд бий болсон. Тэр цагаас хойш бидний амьдралын салшгүй хэсэг болсоор байгаа Wi-Fi сайжирсаар өдгөө Wi-Fi 6 нэртэй хувилбарыг дэлхийн дахинаа ашиглаж эхэлжээ.

Wi-Fi 6-г дэмждэг төхөөрөмжүүд секундэд 9.6GB буюу та бидний ихэвчлэн ашигладаг Wi-Fi 4 төхөөрөмжөөс 16 дахин өндөр хурдыг дамжуулах боломжтой аж.

Мөн Wi-Fi 6-д гарсан нэгэн том өөрчлөлт бол “OFDMA” хэмээх мэдээлэл дамжуулах шинэ аргачлал юм. Интернэтээс хүлээн авч буй мэдээллийг ачаа гэж үзвэл интернэт сүлжээ болон цацаж буй төхөөрөмж (router) 2-ын хооронд ачаа тээвэрлэгч явдаг гэж ойлгож болно. Өмнө нь, ачаа тээвэрлэгч зөвхөн 1 л ачааг аваад 1 хэрэглэгчид хүргэж чаддаг байсан. Ингэснээр Wi-Fi-д холбогдсон хэрэглэгчид өөрийн ачаа буюу интернэтээс үзэж, харж, сонсож буй мэдээллээ авахын тулд бусдыгаа хүлээх шаардлагатай болдог гэсэн үг. Харин Wi-Fi 6 гарч ирснээр тэдгээр ачаа тээвэрлэгч нар булчин сууж олон төрлийн ачааг тээвэрлэж, бүх хэрэглэгчдэд ямар нэг гацалт, хоцрогдолгүйгээр зэрэг хүргэж чаддаг болсон гэсэн үг.

Одоо ашиглаж буй Wi-Fi төхөөрөмжүүдийн “bandwidth” буюу дамжуулах зурвасын өргөн нь ойролцоогоор 20-40 MHz байдаг бол Wi-Fi 6-ийн уг үзүүлэлт 160 MHz хүрч, 4-8 дахин ихэссэн байна. Wi-Fi урсгалыг 1-2 эгнээтэй зам гэж үзвэл Wi-Fi 6 дэмждэг төхөөрөмж ашигласнаар 4-8 эгнээтэй болж, 4 дахин олон хэрэглэгчийг тогтвортой интернэт сүлжээгээр хангах чадалтай болжээ. Дээр нь интернэт сүлжээ дамжуулах хүрээ нь ихсэж, бидний ашигладаг технологиос 2-5 дахин хол зайд сүлжээ дамжуулахаас гадна, хана нэвтлэх чадамж нь өндөр болжээ.

Онлайн тоглоом тоглогчдод гардаг хамгийн том асуудал бол “ms” өсөх эсвэл тоглолтын эгзэгтэй мөчид интернэт тасалдах байдаг. Тэгвэл Wi-Fi 6-ийн дээр дурдсан давуу талуудын ачаар тоглоом тоглож байхад хоцрогдол хамгийн бага байх гэнэ.

Энэ мэдээлэл хэрэг болов уу?